Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-05-31 07:37:57

Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, үйл ажиллагаатай танилцсан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байна.

Уг асуудалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгууллаа.

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэсэн үг биш.

Тиймээс хууль хяналт, тагнуулын болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хяналт шалгалт явуулна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэж байх болно. 

-Эмээлт орчим нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Хоёрдугаарт, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Хамгийн гол тухайн үйлдвэрүүд стандартгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, стандарт хангуулах чиглэлд ажиллах шаардлага байна" гэсэн юм.    

Холбоотой мэдээ