Өнөөдөр Олон улсын “Олимпын өдөр”

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-23 02:26:12

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн баярын өдөрт зориулан Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монголчууддаа мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд, "Зургадугаар сарын 23 бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. Францын их соён гэгээрүүлэгч, нэрт зүтгэлтэн Пьер-де-Кубертен 128 жилийн тэртээ шинэ олимпын хөдөлгөөнийг эхлүүлж, Олон улсын олимпын хороог байгуулсан энэ өдрийг хүндэтгэн 1948 оноос хойш Олимпын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Олимпын өдөр бол спорт, олимпизмоор дамжуулан эрүүл, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, спортоор хичээллэхэд уриалан дуудах утга агуулгатай өдөр юм. Энэ ч утгаараа өнөөдрийн олимпын өдөр нь та бүхэнд олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, анхлан хичээллэгчдээс аварга баатар хүртэл мөр зэрэгцэн гүйж, хамтдаа баяраа тэмдэглэж, дурсамжаа хуваалцаж, ирээдүйгээ хэлэлцэх эрхэм боломж олгож байна.  Та бүхэнд Олимпын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.


Мөн спорт, олимпизмыг дэмжиж явдаг нийт тамирчид, хувь хүн, байгууллага хамт олонд бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье. Энэ завшааныг тохиолдуулан олимпизмын үйл хэргийн төлөө идэр залуу үеэс насан буурал болтлоо нэр төртэй зүтгэсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, ОУОХ-ны хүндэт гишүүн, нас сүүдэр 94-ийг зооглосон “Олимпын өвөө” Ш.Магван тандаа Олимпын өдрийн баярын мэндийг онцгойлон хүргэж, мэхийн ёсолъё" гэсэн байна. 

Холбоотой мэдээ