Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-06 04:24:51

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Засгийн газраас 2021 оны дугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын танилцуулснаар төслийг УИХ 2022 оны 7 дугаар сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан согтууруулах ундааны хатуулгыг 2029 оныг хүртэл үе шаттай бууруулах, үүнтэй холбоотой согтууруулах ундаанд онцгой албан татварын ялгамжтай бодлого хэрэглэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг 7 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар тэрбээр дурдлаа. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасныг үндэслэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулах талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ