Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа эхэллээ
НийгэмҮндэсний их баяр наадмын буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр өглөө 8.00 цагаас эхэллээ.
Энэ жилийн баяр наадмын буриад сурын харваанд 100 орчим харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлээд байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн.
Урианхай сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, нийт 350 гаруй харваач бэлтгэлээ базааснаас 330 харваач бүртгүүлэн оролцсон юм. Тус харвааны дээд шагнал Эрхий мэргэн цолыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, харваач Н.Жамбал хүртэв. Тэрээр урианхай сурын харваанд 5 удаа түрүүлж Эрхий мэргэн цолтон болоод байна. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, Улсын мэргэн М.Батгэрэл 3 удаа түрүүлж Дархан мэргэн цолтон болов.
Урианхай сурын харваанд Баян-Өлгийн харваачид түрүүлэв.
Энэ удаагийн урианхай сурын харваанд Дархан мэргэн цолтон 1, хошой мэргэн 4 цолтон, Улсын аварга 13, спортын мастер болон дэд мастер цолтой 100 гаруй харваач оролцлоо. Урианхай сурын харваа нь 800 жилийн түүхтэй юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ