Иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ
НийгэмУлаанбаатар хотод одоогоор 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд хийсэн түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ.
Нийслэлд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил 2013 оноос эхэлж, 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 57 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлээд байна.
Төслийн хүрээнд 2519 айл газраа чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллын 5000 гаруй /5182/ янданг буулган, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьж ашиглалтад орууллаа. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 1500 айл орон сууцанд орж байсан бол дэд бүтцийг сайжруулснаар жилд 5-6 мянган айлыг орон сууцтай болгохоор төлөвлөжээ. Нийслэлд жилд 13-14 мянга орчим айлын орон сууц ашиглалтад ордог. Энэ оны эхний хагас жилд 7300 айл шинээр орон сууцанд ороод байна. Оны эцэс гэхэд 15 мянган орон сууц ашиглалтад оруулахаар байгааг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү энэ талаар дэлгэрүүлж ярихдаа, “Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах байранд түрээсийн мөнгийг нь өгөөд орон сууцыг нь барьж дуустал хүлээлгэдэг байсан. Барилгын компаниуд 2021 оноос айл өрхөөс газрыг нь үнэ тохирон худалдаж авах, эсвэл эхэлж барьсан орон сууцандаа оруулж байна. Бэлэн мөнгө, байр олгосноор иргэд хохирохгүйн дээр дахин төлөвлөлтийн ажил хурдтай эрчимтэй урагшилж байгаа. Газраа чөлөөлсөн ч байрандаа орж чадаагүй 680 орчим айлын 500 гаруйг нь орон сууцанд оруулсан. Үлдсэн 100 орчим айлын асуудлыг ондоо багтааж шийднэ” гэжээ.
Орон сууц шинээр барьж буй компаниуд нийт талбарынхаа 70 хувьд орон сууц барьж, 30 хувьд нь ногоон байгууламж байгуулах ёстой. Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй хорооллын хувьд 50:50 харьцаатай байхаар зураг, төсөл гарган, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг зэрэг шийдэж байна. Сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ онд нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэгийг орон сууцны барилгатайгаа зэрэг барьж байгаа аж.