АН-ын залуус намдаа “хувьсгал” хийгээч?!
Улс ТөрЕрдөө өчигдөр, уржигдархан Америкт гурван хүний уулзалт болжээ. Анхаарал татахаар гурван хүн л дээ. Хэн гэхээр, тэнд байгаа Ч.Сайханбилэг дээр Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёр очиж уулзсан байгаа юм. Тэд нэг зовлонтой байсан, нэлээд холбоостой хүмүүс л дээ.
Ч.Сайханбилэгийн тухайд Америкт амьдардаг болсон. Удаж байна. “...Монголд очихоор барьчихаж магадгүй” гэж болгоомжилж байгаа гэдэг. Тэгвэл нөгөө хоёр нь наадмын өмнөхөн прокурор дээр хэргээ хаалгачихсан. Тэд ийм зовлон нэгтэй учраас Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёр нь Ч.Сайханбилэгтээ “...Зам засагдсан, нутагтаа оч” гэж зөвлөсөн байж мэднэ.
Тэдний түүнээс хамаагүй “бүдүүн” холбоос бол АН. Хар залуугаасаа ардчилал, АН-д зүтгэсэн журмын нөхөд юм. Харамсалтай нь АН өнөөдөр баларчихаад байна. “...АН хаана байна вэ” гэвэл хууль ёсны “барьц” байхгүй болсон. Байсгээд л АН-ын дарга гээд хэн нэгэн хэвлэлд ярина. Жаахан байж байгаад АН-ын генсек гээд өөр хүн мэдээлэл хийнэ. Ойлгомж тун муутай. Ерөөсөө л, хаана ч хүлээн зөвшөөрөгдөөгүй хоёр АН ажил хэрэг явуулаад удлаа. Тэднийг олон нийт “...С.Эрдэнийн АН”, “...Х.Баттулгын АН” гэж “авгайлдаг” болсон. Өөрөөр хэлбэл, АН ийм хоёр том бүлэгт, тэднийгээ алсаас харж байдаг олон хэсэгт хуваагдчихсан.
Саяхнаас аль аль АН-ынхны уулзалт олширсон. “...Намагт шигдсэн намаа яаж аврах вэ” гэж ярьцгаадаг гэсэн. Тийм уулзалтуудаас С.Эрдэнийн АН-ыг цаашид авч явах хүнээр С.Баярцогтыг тодруулаад байгаа юм. Нөгөө талд, Х.Баттулга бол өөрөө намынхаа толгойд гарсан. Өөр хүн болохгүй.
Сүүлийн үед С.Эрдэнийн АН-ын эгнээ тэлж, Х.Баттулгынх цөөрсөн. Дээрээс нь Х.Баттулгын эргэн тойрных нь хүмүүс ээлж дараалан эрүүгийн хэрэгт холбогдох болсон.: Тиймээс наадмын дараахан Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байгаад уулзсан гэдэг. Юу ярьж, юун дээр тохирсон нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч 1990-ээд онд ардчиллын жагсаалд оролцож, түүнээс хойш төр засгийн толгойд удаа дараа сууж ирсэн партизанууд иймэрхүү маягаар АН-аа “аварчих” гээд үзэж тарж л байна.
Гэвч АН-ыг энэ хүмүүс иймд нь тулгасан. Ардчиллын партизанууд тус тусдаа фракцтай. Өөрсдөө удирддаг. Түүгээрээ дамжуулан АН-ын үйл ажиллагаанд оролцоно. Төрийн хэрэгт ч орооцолддог. Ямар нэг асуудал дээр фракцуудын ашиг сонирхол л яригддаг. Тэд түүнийгээ шулуухан илэрхийлдэг. Наймаалцана. Тохиролцоно. Нийцэхгүй бол намалдгаа нээлцсэн ч чаддаг. Хамгийн эмгэнэлтэй нь тэд түүнийгээ ардчилал, ил тод байдал хэмээнэ. Товчхондоо, тэр гажуудал нь явсаар АН-ыг өнөөдөр ингэтлээ намаг балчигт шигдтэл нь доройтуулаад байгаа юм.
Тэд өнөөдөр мөн л нөгөөх байдлаараа намаа босгохыг оролдож байна. Гэхдээ тэр нь бүтэхгүй л болов уу. Нэгдэж нийлбэл нийлэхээр хугацаа хангалттай л өнгөрлөө. Болсонгүй. Шулуухан хэлэхэд, цаашдаа ч болохгүй нь бололтой. Яагаад гэвэл, энэ хэдхэн хүн АН хэдэн мянган гишүүнтэйг мартчихсан. Тиймээс нөгөө л наймаалцах, тохиролцох, өөр хоорондоо өрсөлддөг хэвээр байна.
Жишээ нь, нэг АН-ынх нь ахмадууд сая хуралдаж байна. Нөгөөхийнх нь ахмадууд гэж бас гарч ирж хэвлэлийн хурал хийв. Мөнөөх л бүлэг, фракцын “микрофон” болчихов уу гэж л харагдлаа.
Одоо тэгэхээр яах вэ. АН яавал нам шиг нам болж босох вэ. Ганц л гарц үлдэж байна. Тэр нь юу юм гэхээр АН-ын залуус намынхаа удирдлагыг гартаа авах хэрэгтэй. Монголын залуусын улс төрийн оролцоо хангалтгүй байгааг монголчууд бид бүгдээрээ ярьдаг. Залуусаа хардаг болсон. Нэг жишээ дуулгахад, саяхан саяхан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийн Хараат бус судалгааны хүрээлэнгээс нэгэн судалгаа хийжээ. 2022 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-нд хийсэн юм байна. Тэд “...Таны бодлоор манай улсын насанд хүрсэн хүн амын бүх гишүүдээс дараах бүлгүүдийн улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох нь хэр чухал вэ” гэсэн асуултад 63 хувь нь “...Эмэгтэйчүүд”, 65 хувь нь “...Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”, 81 хувь нь “...Залуучуудын оролцоо маш чухал” хэмээн хариулжээ. Нийгмийн хүлээлт байна гэсэн үг. Бас хатуу дэг, уламжлалтай гэгддэг МАН-ыг хар даа. Энэ намыг 1980-аад оныхон удирдаж, 1990-ээд оныхон удирдлагын багт нь ороод ирсэн байна.
Гэтэл АН-ын характерыг бодвол энэ намын залуус өдийд МАН-ынхаас ч илүү улс төрийн манлайлал үзүүлж байх ёстой юм. Боловсролтой, мэдлэгтэй, харизматай олон залуусыг нь мэднэ. Гэвч тэдэн шиг нунж дорой нөхдүүд Монголын улс төрд алга. Бие даасан улс төр хийх зүрх, зориг тэдэнд алга. Үг нь ах нарынх, үйлдэл нь ч ах нарынх нь байна.
Хэдхээн жилийн өмнө АН-ын залуус гээд хүчтэй гарч ирж байсан 1970-аад оныхны тод төлөөлөл болдог Х.Тэмүүжин хэдэн жилийн өмнөөс л “...Залуус зүтгэе” гээд дуугардаг байсан. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “... Дараагийн үе нь нөхөж гарч ирж чадахгүй бол амь бөхтэй оршсоор л байна шүү дээ. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Дараа үеийнхэн нь гарч ирж чадахгүй байгаа тэдний буруу. Өөрсдөө зоригтой байж чаддаггүй. Энэ хүмүүс 1990 онд хэдэн настайдаа хуучин дэглэмийг түлхэн унагасан юм бэ. Хамгийн бага нь 20 нас хүрээгүй дээд тал нь 30 настай хүмүүс л байсан биз дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 28 жил амь бөхтэй оршин тогтнож байна. Гэтэл өнөөдөр 20, 30-тангууд юу хийж байна вэ. Өөрөө өөрсдөдөө итгэхгүй. Өөртөө асуудлыг шийдэж чадна гэж найдахаас илүүтэй “...Ах минь, дарга минь” гэдэг хандлага чинь өөрсдийг нь улам хүчгүй болгоод тэдний заасан зам, тэдний хуваасан хуваагдлаар өөр хоорондоо тэмцэлддэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ. 10 жилийн өмнө бид ярьж байсан. “...Ах нар хувааж, зодолдуулчихаад яг хэрэгтэй зүйл дээрээ очоод тэврэлдээд, залуучуудаа золиод цаашаа явдаг” гэж. Тэдний тэврэлддэг цэг нь мөнгө. Зодолддог цэг нь албан тушаал. Тэдний мөнгө, албан тушаалын зодоонд нь залуу үе гар хөл болж, тусалж хийж өгсөөр байгаад ах нараасаа илүү сорвитой болцгоосон. Сорви нь эдгээгүй, бие биеэ үзэж чадахаа больчихсон ийм дүр зураг байна” гэж байв.
Мөн саяхан эдийн засагч Б.Дөлгөөн АН-аас гарахдаа нэг айхтар үг хэлсэн. “...АН-ын хувьд анх нам, холбоо байгуулж байсан ах нар одоог хүртэл сандал ширээгээ булаацалдаад сууж байгааг харж байна. Яах вэ, эрх мэдэл амар шилждэггүй байх. Гэхдээ залуу үед боломж олгохгүй нам дарах бүх арга хэмжээг авч байна. Үнэхээр харамсалтай. АН-ын ах нарын хувьд одоо тэтгэвэртээ гарч, дараагийн үедээ үүрэг хариуцлагыг нь шилжүүлэх болсон гэдгийг давхар хэлмээр байна” гэсэн.
Ингээд ганц нэгээрээ бол дуугараад байдаг. Өөрсдийгөө мэдрээд байдаг. Гэтэл олонх нь ах нарынхаа гараас тавьж, цүнхийг нь өгөхийг хүсэхгүй байна. Өнөөдөр аль нэг АН-ыг төлөөлөөд хэвлэлийн бага хурал зарлаж байгаа ирээдүйтэй улстөрч гэгдэж байсан залуу нөгөөх ах нарынхаа “ам”-аар ярьж байгааг сонсох харамсмаар шүү. Одоо Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Ц.Туваан нар улс төрийн жолоо атгаж үзэлгүй, ах нарынхаа араар сундалж явсаар “ахмад”-ын эгнээнд шилжлээ. Тэдний дараагийн үе 1980-аад оны С.Эрдэнэболд, Ч.Өнөрбаяр, Д.Пүрэвдаваа гээд олон залуус бас л ах нарынхаа сүүдэрт нас нэмж байна. Гэхдээ боломж бас бий. Тэд “ах” нараа биш АН-аа бодоод нэгдэх хэрэгтэй. Тэр нь АН-д хийж буй “хувьсгал” болно. Дүнд нь АН аврагдана. Тэд тэгж чадвал шүү дээ...
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 156 (6888)