ШУА: Туул голын эрэг дээрх Хэрэйдийн Ван ханы ордонд малтлага хийж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-19 04:27:59


ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт  байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын "Хар түнэ орд" дурсгалт газарт археологийн малтлага хийж, гүнзгийрүүлэн судалж байна.

Өнгөрсөн оноос Улаанбаатар хотыг тойрсон гол археологийн төслүүдэд түшиглэн гадаадын жуулчдыг татах үзвэрийн газар болгохоор анхны судалгааны ажлыг эхлүүлж байсан юм.  

Түргэний балгас – Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлэн 1979 онд гүймэг судалж, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудад тулгуурлан тус хэрэм нь Кидан улсын үед холбогдох “Түргэний голын балгас” хэмээн бичсэн байдаг. Мөн 2005-2006 онуудад МУИС-НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим болон Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар бага хэмжээний малтлага судалгаа явуулж, хэрмийн төв дунд орших гол байгууламжийг 400 метр кв талбайгаар цэвэрлэн ил гаргажээ. Малтлагын материал болон дурсгалын байршлыг харгалзан “Туулын Хар Түнэ Орд” буюу Ван ханы ордны туурь мөн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Ийнхүү сүүлд 2021 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, тус барилгын хэрэглэгдэхүүн болон илэрсэн олдворуудын дийлэнх нь хэлбэр дүрслэлийн хувьд Буддын уламжлалт хэв загварыг хадгалсан бөгөөд уг байгууламжийг тусгайлан зассан тавцан суурин дээр байгуулсан зэргээс харвал Буддын шашны байгууламж байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өөр соёлт давхарга бий эсэхийг шалгаж үзэх шаардлагатай ба малтлага судалгаагаар дамжуулан:

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар Ван ханы орд-Туулын Хар Түнэ орд хэмээх хэрэмт байгууламжийг тусгайлан судалж, Монголчуудын хот байгуулалтын уламжлал, түүхэн цаг үеийн хамаарлыг нарийвчлан тодруулах;

Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван хан Тэмүүжинтэй хамт Улиастай, Гачууртад ан ав хийгээд маргааш нь Туулын Хар Түнэ ордон руугаа буцсан гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. “Туулын Хар Түнэ” ордон болон өмнөх судлаачдын үзсэнчлэн Кидан улсын үед хамаарах бэхлэлт хэрмийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийн, дээж авч байгалийн шинжлэлийн аргаар он цагийг нарийвчлан тогтоох;

Ван ханы Туулын Хар Түнэ орд гэх байгууламжийн архитектурын онцлог, түүний тусгайлан дэлдсэн суурийн бүтэц, байгуулсан арга, хүрээ хэмжээ, үүрэг зориулалт зэргийг нарийвчлан гаргаж ирэх зорилготой юм.

Эх сурвалж:www.polit.mn

Холбоотой мэдээ