БАЯН-ӨЛГИЙ: Алтанцөгц, Баяннуур сумдын 491 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ
НийгэмБаян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдад өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний өдрөөс мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан.
Хамгийн сүүлд энэ сарын 8-ны өдөр Баяннуур сумын нэгдүгээр багийн зусланд Мараа зусланд байгаа 5 өрхийн 63 толгой бог мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Өчигдрийн байдлаар /2022.08.18/ дээрх 2 сумын 3 багийн нутаг дэвсгэрээс нийт 491 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн байна. Үүнээс 371 толгой малын шинж тэмдэг арилсан аж.
Өвчний голомтыг устгах, халдварыг таслан зогсоох, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Дэнгүүлт, Мараа зусланд 15 хоног хязгаарлалтын дэглэм тогтоож, мал тээвэрлэх, тууварлах шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор одоогийн байдлаар Баяннуур сумын 72800 толгой, Алтанцөгц сумын 29000, Толбо сумын 6000, нийтдээ 107800 толгой малыг вакцинжуулалтад хамруулаад байгаа. Мөн 27,9 мянган м2 талбай бүхий малын хашаа, 29,9 мянган м2 бэлчээрт халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл малын гоц халдварт өвчин гарсан аймаг, сумаас Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мал оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах шийдвэр гаргахаар ард иргэдээс санал авч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ