Д.Тогтохсүрэн: Цэцээс тайлбар ирсний дараа бүлэг дахин хэлэлцэнэ
Улс ТөрУИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан намын бүлгүүд хуралдлаа.
УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль дахь Ерөнхий сайд болон түүнээс гадна дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг заалт 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзсэн. Нэгэнт ҮХЦ эцсийн шийдвэр гаргасан учраас УИХ үүнийг хянах, авч хэлэлцэх эрх байхгүй. Гэхдээ цаашид үүсэх эрх зүйн орчныг хэрхэн вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй учраас МАН-ын бүлэг хэлэлцэж байна. Мөн Үндсэн хууль батлалцсан депутатууд болон нийгмийн бусад төлөөллүүдийн зүгээс тодорхой хэмжээнд шүүмжлэл гарч байгаа. Үүнийг аль аль талаас нь бүлэг дээр ярилцсан. Ингээд бүлгээс хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, хэдийгээр ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх ч гэлээ тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Үүнд цэц бүрэн эрхийнхээ хүрээнд хандах байх. Хоёрдугаарт, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих шаардлагатай болж байна. Гэхдээ шууд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын 57-оос цөөнгүй гишүүн батлах ёстой. Ийм хоёр зүйлийг бүлгийн хурлаар ярилцлаа. ҮХЦ-ээс тайлбар ирсний дараа дахин хуралдаж хэлэлцэнэ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn