Т.Шинэцэцэг: Хүний амьдрал сонголт бас боломжуудаар дүүрэн гэдгийг мэдэрч явна
Нийгэм“Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги- Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Шинэцэцэгийг онцолж байна.
Байгууллагаа “Ээлтэй сайхан газар” хэмээн хайрлах алба хаагч манайд олон бий. Тэдний нэг нь дэд ахлагч Т.Шинэцэцэг юм. Учир нь тэрбээр зураг зурах болон гар урлалын зүйлсэд тун эвлэг байж. Дуртай гэхээс биш түүнийгээ ажлаа болгоно гэж бодож ч байгаагүй хэмээн тэрбээр яриандаа цухас дурдлаа.
Түүнийг харуул хамгаалалтын ажилтнаар томилогдоод удаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харьяа хорих анги, байгууллагууд руу керамик урлалын сургалтад суралцах сонирхолтой, гарын эв дүйтэй алба хаагч байгаа эсэх талаар санал авчээ.
Тухайн үед яагаад ч юм сонирхоод амжиж бүртгүүлсэн байна. Ингээд энэ чиглэлээрх сургалтад хамрагджээ. Анх удаа шахам шавраар гар урлалын зүйлс хийж эхэлсэн нь тэр гэлээ.
Дэд ахлагч Т.Шинэцэцэг сургалтаа дуусгаж ирээд тус ангийнхаа хоригдлуудаас гар урлалд дуртай, эв дүйтэйг нь сонгон керамик урлалын сургалт явуулах болжээ.
Энэ төрлийн сургалтыг явуулснаараа тус анги харьяа хорих анги, байгууллагууд дундаа анхдагч нь болж байгаа учраас аюулгүй байдлын зааварчилгаа, гар болон цахилгаан багаж хэрэгслийг ажиллуулах заавар, биет үзүүлэн, тараах материал, шатаагч зуухыг ажиллуулах заавар, хатаагч шүүгээ, сэнс ажиллуулах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон зүйлсийг боловсруулан ажлын байран дээрээ бие даан дадлагажжээ.
Сургалтаа 2020 оноос хойш явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 20 гаруй хоригдлыг хамруулж, олон төрлийн бүтээл урлажээ.
Дэд ахлагч Т.Шинэцэцэг суралцагчдынхаа харилцаа хандлагад үргэлж анхаардгаас гадна сургалт эхлэхээс өмнө тэд хамтдаа хамгийн түрүүнд бясалгал хийдэг байна.Керамик урлал нь хүнээс нарийн торгон мэдрэмж, их тэсвэр, тэвчээрийг шаарддаг гэнэ. Нэг зүйлсээ давтан давтан хийхээс эхлээд цаг хугацаа их шаарддаг тул төвлөрөл хамгийн чухал байдаг талаар бидэнд тайлбарлалаа. Мөн энэ чиглэлийн сургалт хоригдлуудад хүмүүжлийн чухал нөлөө үзүүлдэг байна. Учир нь сууж сурах, тэвчээртэй байх, анхаарлаа төвлөрүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгах гээд нарийн дэг, журамтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги- Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэгээр өвчилсөн хоригдлууд нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх бөгөөд эхний 6 сар эм тариа, сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ авч харин үлдсэн 6 сард нь хяналтанд байдаг. Эхний эмчилгээгээ хийлгэн эдгэрэлтийн шатанд яваа учир ийнхүү керамик урлалын сургалтад хамрагдаж байгаа аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хорих ял эдлүүлэх алба нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Түүний нэг нь мэргэжил олгох сургалтууд юм. Оёдолчин, мужаан, токарьчин, тогооч, гуталчин, засал чимэглэлчин гээд цөөнгүй сургалтууд явагддаг бөгөөд тэдгээрийн нэг нь керамик урлалын сургалт юм. Цаашид кремик урлалын чиглэлээр чадамжийн гэрчилгээ олгохоор төлөвлөж байгаагаа хэллээ.
429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн байрлалд нэг давхар хүрэн байшин харагдана. Зорин очвол “Керамик арт” сургалт, үйлдвэрлэлийн төв гэсэн хаягтай байлаа. Хаалгаар ормогц хана дүүрэн урлалууд бас хэдэн хоригдлын нэг нь ваар, нөгөө нь шавраар морь сийлж, харин нэг нь айрагны хул урлаж байв.
Хажуугийн хананд нь жимсний чанамалын өнгө өнгийн саванд будаг хийсэн байлаа. Тэдний багаж болох бийр зэрэг зүйлс бүгд шавар саванд байв. Тарьж ургуулсан цэцгийн ваарнаас эхлээд хэрэглэгдэхүйц юм болгоныг тэд шавраар урлажээ.
Тухайлбал бэлэг дурсгалын зүйлс, цэцгийн ваар, үзэгний сав, аяга, хүүхэлдэй, мал, амьтны баримлууд гээд олон бүтээл урлажээ. Цаашид ч бүтээлийнхээ төрлийг нэмэхээр хичээн суралцаж байгаа аж.
Танхимын хойд хананд өндөр уулс, хөх тэнгэр, цагаан үүл, мөнх ногоон модод, цэлийсэн нууранд хос хун хөвж байгааг дүрслэн зуржээ. Өмнүүр нь чулуу шигтгэн нуур хийсэн байх бөгөөд байгалийн үзэсгэлэнг бараадуулан бүтээлээ тавьж, зургийг нь авч архивладаг гэнэ. Тэр өрөө аядуухан бас дулаан санагдав.
Цэгцтэй, цэвэрхэн энэ урлалын өрөө бол тэдний байх дуртай хамгийн гоё газар аж. Айрагны хул урлан суух өндөр настай хоригдол Х “Би зураг зурах дуртай. Гарах хугацаа дөхөж байна. Настай хүн надад эндээс гараад хийх ажил олдохгүй учир би шавар урлалаар хийсэн зүйлсээ худалдан борлуулж амьдралаа залгуулна. Энд байгаа хугацаандаа шавраар юм хийж сурсандаа баяртай байна. Өдөр бүр энд орж ирээд юм л хийгээд суувал сэтгэл санаа тайван, сайхан байдаг. Ихэнхдээ шавартайгаа харилцаж, мэдрэхийг хичээдэг. Өөрийгөө хөгшин настай гэж гололгүй залуу хүүхдээс суралцаж, цаашдаа хийх зүйлтэй боллоо” хэмээн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Дэд ахлагч Т.Шинэцэцэгийн хувьд өдөр бүр ажилдаа 50 километр замыг туулж ирдэг бөгөөд дуртай огтхон ч түүртэж, ядардаггүй гэнэ.
Эх сурвалж: cd.gov.mn