Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ
НийгэмMонгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк нар тус тус тэргүүлж, хоёр талаас нийт 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцов.
Энэхүү уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог байж, уулзалтын хүрээнд анхдугаар стратегийн яриа хэлэлцээ, улс төр, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа болон иргэд хооронд, хүмүүнлэгийн харилцаа, АНУ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж зэрэг сэдэвчилсэн 4 хуралдааныг зохион байгуулав.
Уулзалтаар талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын талаас улс төр, эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар болон эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн арга хэмжээ, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийн талаар танилцуулж, ялангуяа гадаадын түүний дотор Америкийн хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг сэргээхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Манай талаас АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгийг нотлон илэрхийлж, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлон илэрхийлэв
АНУ-ын зүгээс Монгол Улсыг тогтвортой, эдийн засгийн хувьд ололт амжилттай, бат бөх ардчилсан тогтолцоотой байхын төлөө байдгийг илэрхийлж, талууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, талууд Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох Агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулах, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт гэрээний хэрэгжилтийг хангах зэрэг болно.
Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, Америк, Монголын харилцаа сүүлийн гуч гаруй жилд хамтын ажиллагааны бүхий л салбарт амжилттай хөгжиж ирснийг онцлоод цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх бололцоо ихээхэн байгааг тэмдэглэв.
Уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, Монгол-АНУ-Японы гурван талт уулзалт, Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт болон Монгол-Америкийн Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.