Хамт ажилладаг, нэг зүгт гэртэй хүмүүсийг "car sharing" соёлд суралцахыг зөвлөв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 11:33:09


Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох автомашиныг найм хоногийн турш улсын дугаараар нь хязгаарлахтай холбоотойгоор нийтийн тээврийн ачаалал нэмэгдэхээр байгаа.


Үүнийг хэрхэн зохицуулах талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Аль чиглэлд хэдий хэр ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Мөн иргэд нийтийн тээврээс гадна "car sharing" үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад зүгээр болов уу гэсэн зөвлөмж бий. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" гэсэн юм.

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжид дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулна. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийнэ.

Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

Эх сурвалж: dnn.mn
Холбоотой мэдээ