Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ
НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөл хурлаар “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэх богино хугацааны төлөвлөгөө”-г дэмжив.
Улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь буюу 43236 аж ахуйн нэгж Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮҮ эзэлдэг ч экспортын ердөө 2.4, ДНБ-ний 18.3 хувийг бүрдүүлдэг нь энэ салбарт дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулсан юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс цар тахлын нөлөөг 5 удаа судлахад цар тахлын жилүүдэд тэдний борлуулалтын орлого их хэмжээгээр багасжээ. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 77 хувь нь борлуулалтын орлогоо 30-100 хувь хүртэл алдаж, 14 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Одоогоор ЖДҮҮ эрхлэгчдийн 3 хувь нь зээлд хамрагдаж, 12 хувь нь зээлийн хүсэлтээ өгсөн, 85 хувь нь зээлээ авч чадаагүй аж. Тэдэнд зээл олгоогүй гол шалтгаан нь “Хөрөнгийн шаардлага хангаагүй” тайлбар. Цар тахлын нөлөөнд ЖДҮҮ эрхлэгчдийн 95 хувь нь өртөж, хүндрэлийг даван туулахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө”-г боловсруулах үндэс болжээ.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн бэрхшээлийг тодорхойлж, холбогдох шийдлийн зөвлөх үйлчилгээ, сургалт зохион байгуулах, санхүүгээр дэмжих, бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх 3 бүрэлдэхүүн бүхий дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргасныг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.