Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 20.4 хувиар буурчээ
НийгэмТөмөр замын тээврээр энэ оны эхний 7 сард 14.6 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (20.4 хувь) сая тонноор багаслаа.
Экспортын ачаа 2.8 сая тонноор багассан нь нь нийт бууралтын 74.3 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны 7 дугаар сард 2 сая тонн болж, өмнөх сарынхаас 52.7 (2.6 хувь) мянган тонноор багассан байна. Үүнд жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт 26.1, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт 23.6, нүүрс тээвэрлэлт 10, төмрийн хүдэр тээвэрлэлт 9.2 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Төмөр замаар энэ оны эхний 7 сард тээсэн ачааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал уул уурхайн бүтээгдэхүүн 2.8 (24.7 хувь) сая тонн, барилгын материал 266 (15.4 хувь) мянган тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 69.4 (54.3 хувь) мянган тонн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 56.5 (37.6 хувь) мянган тонноор багассан аж.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан байсан бол төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний 7 сард 1.4 (давхардсан тоо) сая болжээ. Үүнд орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн нь нөлөөлөв. Төмөр замын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны 7 дугаар сард 320.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 37.8 (13.4 хувь) мянган хүнээр нэмэгдлээ.
Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 7 сард 387.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.1 (15.9 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмал, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврийн орлого энэ оны 7 дугаар сард 61.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.4 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.