Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг УИХ-д танилцууллаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-29 14:53:22


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцууллаа.


Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан “Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн агуулга бүхий заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Энэ дагуу УИХ-аас Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд УИХ-ын 4 гишүүн ажиллаж буй Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа танилцууллаа. 

Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.


Улмаар Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн 2 сайдтай болохоор шийджээ. Ингээд боомтын болон нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилж буй аж.


Харин өмнөх танхимаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХЗХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар хэвээр үлдэж байна. Мөн “дан дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн бус сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллана.


Улмаар өмнө нь ажиллаж байсан Н.Тавинбэх, Г.Ёндон, З.Мэндсайхан, А.Ариунзаяа, Ц.Нямдорж, Л.Халтар нарыг чөлөөлж буй юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв. Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ.Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй, төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай гэлээ."

 

Засгийн газрын гишүүнээр томилогдох нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Холбоотой мэдээ