Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-31 03:00:44


Л.Энх-Амгалан: Манай улсад оюуны хулгай дэндүү их нүүрлэж, хуурамч магистр,докторуудтай, хуурамч шинжлэх ухаантай улс болсон...


Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцсэн юм. 

Энэ үеэр Боловсрол,Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Их дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Үүнд ямар нэгэн плагиаризм байх ёсгүй. манай оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой. Манай өнөөдрийн академик тогтолцоо маш буруу тогтолцоо. Энэ тогтолцоог бид шинэчлэх ёстой. Энэ тогтолцоо бол цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг. Бид айгаад өлбөгөр, дорой байж болохгүй. Өнөөдрийн энэ академик тогтолцоо бол Орос, Хятад улсад л байгаа социализмын үеийн тогтолцоо явж байгаа.

Тийм учраас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ. Сургалт, судалгаа, үйлдвэржилтийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн.

Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой" гэжээ.

Өнөөдөр манай улсад 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Нөгөө талаар их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр бий гэх статистик байна.  

 

Холбоотой мэдээ