LIVE: УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол 3-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-01 01:46:05

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн эртний сургаалыг сануулаад сурагч хүүхдүүд, багш, эцэг эхчүүдэд хандан намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан гурван зүйлийн санаачилга дэвшүүлж, УИХ-тай нягт хамтран ажиллахыг уриалав.


Тэрбээр, “Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” цэрэг спортын тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн “Алтан од” багийн авхаалжтай, эрмэг, зоримог, шилдэг тамирчин баг хамт олонд халуун баяр хүргэе.  Энэ тэмцээн хүүхэд багачуудад бие бялдрын хүмүүжил болон эх оронч үзэл төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс цаашид цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна.


Хоёрдугаарт, УИХ-аас ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг түшиглэн “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа.


Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүхий л үйл ажиллагаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж, төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, саналаа ирүүлж байхыг уриалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ