Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-01 01:55:25


Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг 2022-2023 оны хичээлийн жилд дөрөв дэх жилдээ оржээ.


“Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчилнэ.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Холбоотой мэдээ