Сайн мэдээ: Турк улсын эмч нартай хамтран мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монголд нэвтрүүллээ
НийгэмМонгол Улсын Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу ЭМЯ уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэхээр зорилго тавьж, мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол Улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний баг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагджээ.
Улмаар ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдүүдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт 8-р сард багтаан хамруулж, 9 дүгээр сарын 1-3-нд Турк улсын Лив эмнэлгийн эмч, мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг 2 өдрийн турш Улсын гуравдугаар төв эмнэлэгт /УГТЭ/ амжилттай хийжээ.
Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх юм байна.
Ийнхүү энэхүү технологи Монгол Улсад нэвтэрсэнээр гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор 4 дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болох юм. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарах аж.