Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна
НийгэмНийслэлийн хэмжээнд одоогоор 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 9 агуулахад 13 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянга, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 4 агуулахад 11 мянга, Баянгол дүүрэгт 4 агуулахад 7 мянга, Хан-Уул дүүрэгт 6 агуулахад 13 мянга, Налайх дүүрэгт 4 агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцөлжээ.
НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сайжруулсан шахмал түлшний талаар ярихдаа, “Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 6 хүртэл тээврийн 31 компанитай гэрээ байгуулсан. Тэдгээр компаниуд 392100 тн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулж байсан. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн”-ийг дурдав.
Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүрэгт сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгтэй танилцсан. Энэ сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангалаа.
Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ 3875 төгрөг. Засгийн газраас үнэ хямдруулах эсэхийг шийднэ. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэх боломжтой аж.
Агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг энэ жилээс орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэнэ. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тэдгээр өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.