Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-09 02:36:50


Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.


Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, НМХГ, Богдхан уулын Дархан цаазат газар хамтран энэ сарын 5-15-нд ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт хийж байна. Өчигдөрийн байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулган, хууль бусаар түүсэн самрыг хурааж, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэн НМХГ, Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.


Иргэд хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг нь ихээр гэмтээжээ. Түншүүр буюу хатуу биетээр модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй аж. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс мод мөхөх, экологийн тэнцвэр алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.


Самрыг түүхийгээр түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх явцад өндрөөс унаж, бэртэж гэмтэх, амь насаа алдах явдал тохиолджээ. Иймд нийслэлийн БОГ-аас ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг анхааруулж байна.



Холбоотой мэдээ