БАЯНХОНГОР: Үндэсний өв соёлоо сурталчлах бэсрэг наадам боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-10 02:31:21

Баянхонгор хотын Түйн голын хөвөөнөө Оготонотой булаг орчимд Үндэсний өв соёлыг сурталчлах бэсрэг наадам өнөөдөр боллоо. 


Баянхонгор аймагт болж буй "Говийн чоно-2022" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын 300 гаруй зочдод өнө эртнээс өнөөг хүртэлх  өвлөгдөн ирсэн монгол үндэсний өв соёлын онцлог, уламжлалаа сурталчлах зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Онцгой байдлын газар,  Баянхонгор сумын ЗДТГ зэрэг байгууллага хамтран энэхүү бэсрэг наадмыг зохион байгуулав.


Нээлтэд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан  үг хэлж, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэндчилгээ дэвшүүллээ.


Бэсрэг наадамд аймаг, сумын цолтой  хүчит 32 бөхийн барилдаан, жороо морины уралдаан, үндэсний сурын харваа, язгуур урлагийн тоглолт, сайхан морьтой сайхан хос шалгаруулах уралдаан болов. Түүнчлэн энэ үеэр орон нутгийн иргэдийн хийдэг бараа бүтээгдэхүүний "Баянхонгорт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг дэлгэжээ.


Тус наадмыг үзэж, сонирхсон Австрали  Солонгос, Непал зэрэг орны зочид, төлөөлөгчид Монгол үндэсний зан заншил, тэр тусмаа төв халхын ёс уламжлалын талаар ихэд сонирхон, дээл хувцас, идээ цагаа худалдан авч уналга ачлага, адуун соёл, нүүдэлчин ахуй байдлын талаар судлан танилцахдаа баяртай буйгаа энэ үеэр илэрхийлж байв. 


Эх сурвалж: МОНЦАМЭ


  

  

   

  •       

  •     

Холбоотой мэдээ