Улаанбаатар хотын анхны шав тавьсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-12 07:37:02


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.


Энэ дагуу НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага, НИТХ-ын төлөөлөгчид хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү 5 настай Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, намар бүр хүндэтгэл илэрхийлдэг аж.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Анхны шавь тавьснаас хойш нийслэл хот 20 гаруй удаа бууриа сэлгэн 1778 онд 4 уулын дунд, Хатан Туулын хөвөөнөө төвхнөн, 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж хөгжиж байна. Хотын хөгжлийн жимээр Өвөрхангай аймгийн Бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Улаанбаатар хотын анхны буурь, туурь гэдэг утгаараа Ширээт цагаан нуураа хүндэтгэн, сүсэглэж явах учиртай. Иймд Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Бүрд сум гэх түүхийн жимээр аялал жуулчлалыг хөгжүүлэн, түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг Улаанбаатар хотоос санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Нийслэл хот дэлхийн хотуудын энд хүрэх боломжийг “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-иар нээсэн гэж боддог. УИХ, Засгийн газар хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэх зорьж байгаа” хэмээжээ.


Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Д.Доржсүрэн “Түүхчид нийслэлийн анхны шавыг Бүрд сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд тавьсан гэж үздэг. Тиймээс НИТХ, НЗДТГ-аас жил бүр хүндэтгэл илэрхийлэн тахидаг. Ширээт цагаан нуур орчмыг байгалийн онгон дагшин байдлаар нь хадгалан хамгаалж байгаа. Нийслэлийн анхны шавыг манай аймгийн нутагт тавьсан гэдэг утгаараа иргэд маань хүндэтгэн бахархдаг” гэв.


Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдсаныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.


 



Холбоотой мэдээ