Зөрчлийн хэрэг наймдугаар сард 73 хувиар өсчээ
НийгэмУлсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын байдлаар 228,043 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь долдугаар сартай харьцуулахад 72.9 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг цагдаагийн байгууллага, 0.17 хувийг мэргэжлийн хяналт, 0.02 хувийг онцгой байдал, 0.75 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 227,339 хүн, 252 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 74.8 хувиар, хуулийн этгээд 12.5 хувиар тус тус өссөн байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй байгаа бол 64.9 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн наймдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг долдугаар сартай харьцуулбал
- Хулгайлах зөрчил 2.7 дахин,
- Танхайрах зөрчил 2.1 дахин,
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 94.6 хувиар,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 80.3 хувиар,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 75.6 хувиар,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 57.1 хувиар,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 16 хувиар,
- Хүний биед халдах зөрчил 15.1 хувиар,
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 5.9 хувиар тус тус өссөн хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.