БАЯНХОНГОР: Тарваган тахал, хам тохиолдох халдварт өвчний тандалт судалгаа хийжээ
НийгэмБаянхонгор аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвөөс /ЗӨСТ/ тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа хийжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдраг, Галуут сумын Цагаан туруутын цурав голомтын 36 мянган га талбайд тандалт судалгааг хийж гүйцэтгэсэн байна.
Тандалт шинжилгээгээр тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, гадны шимэгч, махчин шувуудын гулигдас зэрэг 220 материал цуглуулжээ. Цуглуулсан дээжинд тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийхэд сэжигтэй материал илрээгүй байна.
Шинжилгээ хийх хугацаанд дээрх сумдын Эрүүл мэндийн төв, Хуст, Шарил Сөдөт, Хүдүүт, Цагаан даваа, Дайргын эх, Гэрт, Өл, Өвөр тээл, Ширээ, Хоёр улаан жалгад нутаглах 200 гаруй иргэнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт, яриа таниулга зохион байгуулж, санамж тараажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ