УИХ-ын дарга Г.Занданшатар үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа
НийгэмЖил бүр зохион явуулдаг Үндэсний номын баярын өдрүүд энэ баасан гараг буюу есдүгээр сарын 16-нд эхэлнэ. 32 дахь удаагийн номын баярын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар 100 жилийн түүхтэй Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол угсаатны оюун санааны гайхамшигт өвүүд энэ номын санд хадгалагдаж байна. Тэртээ он жилүүдийн цагийн ороо бусгаа үед бидний эцэг өвгөд хад асга, гуу жалганд нуун хадгалсан үнэт ховор ном судруудын гар бичмэлүүд сан хөмрөгийнх нь талаас илүү хувийг эзэлдэг. Энд Монгол, Төвд, Манж, Солонгос, Хятад, Орос, Герман, Англи зэрэг улс орны гурван сая гаруй үнэт өв хадгалагдаж байгаа хэмээн Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэллээ. Харин их шашдирын өргөө гэгддэг Үнэт ховор номын музейн сан хөмрөгт алт, мөнгө, хүрлээр барлаж бичсэн Ганжуураас эхлээд, зүү ороож урласан гэх мэт үнэт 516 үзмэрийн эх хувь байна.
Мөн Үндэсний номын санг цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийжээ. Хүний нөөц, боловсон хүчин учир дутагдалтай хэдий ч цахимжуулах ажлыг тасралтгүй явуулж байна гэдгийг мөн тэрбээр дурдлаа.
Харин Улс орны төсөв санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явц удаашралтай явж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгав. Барилгын шав тавьснаас хойш ашиглалтад оролгүй 9 дэх жилтэйгээ золгожээ.
Шинэ номын өргөө ашиглалтад орвол хүүхэд, залуучуудад үйлчлэх, орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн номын сан байгуулахаар төлөвлөжээ. Одоо ашиглаж буй энэ байраа соёлын үнэт өв гэдэг утгаар нь эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, музей болгон ашиглах зорилготой байгаагаа Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлсэн юм.