ШХАБ-2022: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо хүрэлцэн очлоо
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор өнөөдөр Узбекистан Улсын Самарканд хотноо газардлаа.
Монгол Улс энэ сарын 15-16-нд болох тус хуралдаанд ажиглагчийн статустай оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн, ажиглагч орны төрийн тэргүүн нартай 2 талын уулзалт хийхээс гадна Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтад оролцож, стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн тухай ярилцана.
Торгоны замын гол хотуудын нэг, хоёр мянган жилийн түүхтэй Самарканд нь тус улсын Ташкент, Наманган, Андижаны дараа орох дөрөв дэх том хот аж.
Узбекистан нь Казахстан, Киргиз Тажикистан, Афганистан, Туркменистан улстай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Нийт 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, хэмжээгээр дэлхийд 51-д бичигддэг. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс нэрээр тусгаар тогтнон, НҮБ-д 1992 онд элсэн бүрэн эрх олжээ. Ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай тус улс 30 сая хүн амтай, олонх нь исламын шашинтай. Түүнчлэн, хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий зэргийг дотоод, гадаадад борлуулдаг бөгөөд ДНБ-ий хэмжээгээр 194 улсаас 69, нэг хүнд ногдох дүнгээр 135-р байрт бичигджээ. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ