ЭМЯ: Тарваган тахлын улмаас 7 хүн нас барсан
НийгэмЭрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2022.09.20) “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж” хүргэлээ.
Зургаан аймгийн 21 сумын 13 цурам голомтоос олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн байна. Тарваган тахлын байгалийн голомтын тархалт идэвхтэй явагдаж байгааг тогтоожээ. Ховд аймгийн Алтай, Булган, Жаргалант, Цэцэгт 7, Өвөрхангай аймгийн Сантад 1, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 2, Завхан аймагт 2, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1, Хөвсгөл аймгийн Мөрөн, Жаргалант сумдад 2 гарсан байна. Нийтдээ зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, нийт 7 хүн нас барсан байна.
Тархвар судлагч, Анагаах ухааны доктор Э.Уянга "Тарвага агнах, өвчих, хүнсэнд хэрэглэх, тарваганы түүхий эд эрхтэнийг залгих, тарваганы бөөст хазуулсны дараа халдвар авч, дунджаар 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдэг нь эмнэлзүйн илрэлээс хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, булчирхайн хэлбэрийн хувьд арьс гэмтсэн хэсгийн булчирхай томорч, үрэвсдэг. Мөн толгой өвдөх, чичрэх шинж тэмдгүүд илэрдэг. Уушгины хэлбэрийн хувьд өндөр халуурах, ханиах, амьсгал хүндрэх, цустай цэр гардаг. Гэдэсний хэлбэрийн хувьд өндөр халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж илэрнэ. Үржил хэлбэрийн үед маш өндөр халуурах, бөөлжиж гүйлгэх, цусархаг тууралт гарах, олон булчирхай томорно, олон эрхтэний дутагдал илэрдэг. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зөвлөмжүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:
-Мэрэгч амьтан үрэгдсэн байвал Зоонозын өвчин судлалд яаралтай мэдэгдэх
-Жил бүрийн долдугаар сард тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт хийгддэг. Үүнд өргөнөөр хамрагдах
-Тарваганы түүхий мах идэхгүй байх
-Тарвагыг нохой болон хавхаар агнахыг цээрлэх
-Бага насны хүүхдийг мэрэгч амьтны дошин дээр тоглуулахгүй байх
-Хууль бусаар тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад шийдвэрийн дагуу шийтгэл оногдуулна.