Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-23 01:03:13

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг орон даяар зохион байгуулж байна.


Тухайн улс орны туулсан амьдрал, тодорхой цаг үеийг илэрхийлдэг зүйлсийн нэг нь хөшөө, дурсгалт газрууд юм. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заажээ. Түүнчлэн түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулна хэмээн хуульчилсан.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг анх 2015 онд зохион байгуулсны үр дүнд 9537 дурсгалт газрын 86 157 дурсгалыг бүртгэж, дурсгалын бүртгэлийн дугаар, газар зүйн солбицол, гэрэл зураг, товч тодорхойлолтыг цаасан болон цахим хэлбэрээр Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалж байна.
Энэ удаагийн тооллогын салбар комиссын даргаар аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нар томилогдон ажиллаж буй юм. Тооллогын ажлын багийнхан дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох, мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг улсын болон орон нутгийн хэмжээнд нэгтгэх, статистик мэдээллийг баяжуулах, дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж буй.

Холбоотой мэдээ