Ө.Шижир: Ардчилсан намын өчигдөр, маргааш хоёр халз тулж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-23 10:05:46

    Өдрийн сонинд нийтлэгдсэн АН-ын тэргүүн дэд дарга Ө.Шижирийн ярилцлагыг хүргэж байна.


    -Удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. АН-ын төв нам төдийгүй доторх байгууллагууд нь бүгд хоёр хуваагдчихлаа. Энэ намын ирээдүйн лидерүүд болох залуус та бүхэн намаа эвлэрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

    -Яг одоо бол Ардчилсан намын хувьд хүнд цаг үе гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Улс төрийн намын хамгийн том зорилго бол дэвшүүлсэн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчдын итгэл найдварыг хүлээж, тэр хөтөлбөрөө хэрэгжүүлэх л асуудал шүү дээ. Гэтэл бид сонгуулийн өмнөх жилүүдэд улс төрийн намын хамгийн анхдагч энэ үүргээ ч гүйцэтгэхэд хэцүү боллоо.Энэ хүнд цаг үе өөрөө их олон юмны сорилт шалгуур болж байна. Манай намын гишүүд үзэл баримтлал, үнэт зүйлдээ үнэнч тууштай байгаа. Харин намын лидерүүдийн хувьд намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадах уу үгүй юү, хувийн үл ойлголцлоо орхиод том эрх ашиг дээрээ нэгдэж, намаа зохион байгуулж чадах уу үгүй юү гэдэг шалгууртай нүүр тулж байна.

    Ардчилсан нам нийгмийн олон үзэл бодлын нэгдэл байсаар ирсэн. Анх байгуулагдахдаа ч таван намын нэгдэл болж байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш ч олон үзэл бодлын нэгдэл болсон фракцууд дээр тогтож ирсэн. Тийм ч учир үзэл бодлын зөрчил тодорхой хэмжээнд байсан. Энэ цаашид ч байна байх. Энэ бол ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Гэхдээ Ардчилсан намын одоогийн зөрчил бол фракцуудын үзэл бодлын зөрчил биш, харин зарим нэг хүмүүс галаар тоглож байгаад гэрээ шатаадаг үлгэр болж байна.

    -Он гарангуут 2024 оны сонгуулийн уур амьсгал орно. АН энэ янзаараа байвал сонгуульд ялагдах нь тодорхой харагдах юм...

    -Харин тийм ээ. Сөрөг хүчин иргэдийн дуу хоолойг парламентын танхимд төлөөлөх нь ардчиллын суурь үзүүлэлт байдаг. Миний бодлоор МАН-аас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч асан хүмүүсийн хоорондын зөрчлөөс үүдэн тухайн үед МАН-д дотоод хямрал, зөрчил үүсч, 2011 онд МАХН гэж байгуулагдаж байсан. Үүнээс улбаалан 2012 оны сонгуульд эрх барьж байсан МАН ялагдал хүлээсэн. Үүнтэй адилхан Ардчилсан намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгчийн хоорондын зөрчил ч бас энэ намыг ийм байдалд хүргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Мөн удаа дараагийн бүх шатны сонгуульд навс ялагдчихаад намын дарга нь дүрмээ ч дагадаггүй, хариуцлага огтоос хүлээдэггүй, намын дарга байсан лидерүүдийн хоорондын хувийн үл ойлголцлцууд өнөөдрийн байдлыг улам л хүндрүүллээ гэж би боддог. Энэ байдал цаашдаа даамжирч, архагших юм бол бид сонгуульд ялах байтугай сонгуульд ч итгэл төгс оролцоход хүнд болно. Шинэ цаг үе ирж байна, 1990 оны цагаан морин жил төрсөн хүүхдүүд одоо 32 нас хүрч, нийгмийн идэвхтэй иргэд боллоо.

    Гэтэл Ардчилсан намын эвлэрэл, эвдрэлцлийг 1990 онд байсан өнөөх л Алтан хараацайнууд маань шийдэж байна. Энэ цаг үеийнхнийг ойлгох, төлөөлөх хүмүүс хэрэгтэй байна. Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй гэдэг биз дээ. Ардчилсан намын өчигдөр, маргааш хоёр халз тулж байна

    -АН-ын тамга яг хэнд байгаа юм бэ. АН 2024 оны сонгуулиас өмнө учраа олох нь уу?

    -2000 онд нэгдэхдээ л анх хийлгэсэн тамга нь нам дээр байгаа.

    -АН УИХ дахь бүлгийн зургаан гишүүнээ хассан. Ингэхээр АН бүлэггүй болж байна гэсэн үг үү?

    -Хуулийн дагуу УИХ дахь АН бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Дурын хэн нэгэн уураа хүрэхээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, хөөж туугаад байгаа нь ардчилсан эрх зүйт улсад байж боломгүй галзуурал биз дээ. Бүлгээсээ гарах хүсэлтээ илэрхийлсэн АН-аас сонгогдсон нэг ч Улсын Их Хурлын гишүүн байхгүй.

    -УИХ-ын асан С.Эрдэнэтэй учир зүгээ олж чадахгүй байна уу. Эв зүйгээ олох ажил хийгдэж байна уу?

    -Эвлэрнэ, ойлголцоно гэдэг дээр бол талууд бүгд хүсэл зорилго нэгтэй байх ёстой. Энэ бол мэдээж Ардчилсан намын нийт гишүүдийн хүсэл. Одоо С.Эрдэнэ дарга л хүсэх үлдлээ. Харамсалтай нь хувийн эрх ашигаа эхэнд тавьсан хүнтэй намын эрх ашиг, нийт гишүүдийн эрх ашгийг нэгт тавьсан тал хоорондоо ойлголцоход хүндрэлүүд байна. С.Эрдэнэ даргын үйлдлүүдийг харахаар Баабарын бичсэн Жамуха гэдэг нийтлэл санаанд ордог. С.Эрдэнэ бол яах ч аргагүй Ардчилсан намын том лидерүүдийн нэг байсан. Гэхдээ намынхаа дүрмийн дагуу өөрөө хариуцлагаа хүлээгээд улс төрөөс явж чадахгүй болохоороо өөрийнхөө ярьсан, хийсэн бүхнээ үгүйсгэж, орох нүх, гарах гарцгүй л болж байгаа дүр.

    -Монголд ардчилал өнөөдөр ямар түвшинд явж байна гэж та харж байна?

    -Ардчилал бол иргэдийн оролцоо, олон ургалч үзэл, олон намын тогтолцоон дээр тулгуурладаг. Харамсалтай нь энэ тогтолцоо өдөр ирэх тусам алдагдсаар байна. Хүчтэй сөрөг хүчин байхгүй тохиолдолд ардчиллын суурь улам л суларна. Сөрөг хүчний дуу хоолой байхгүй болчихоор нийгмийн тогтвортой байдал алдагддаг.

    Эрх баригч нам иргэд хоёр шууд тулна л гэсэн үг. Ардчилсан намын асуудал бол зөвхөн нэг намын асуудал биш, харин ардчилсан тогтолцоонд нүүрлэсэн асуудал. Ардчиллын зарчим алдагдаж эхэлсэн үеэс ардчилсан тогтолцоо өөрөө гажуудаж эхэлсэн. Энэ бүхний золиос, төлөөс нь манай нийгэм юм даа.


    Эх сурвалж: dnn.mn

    Холбоотой мэдээ