БАЯНХОНГОР: Сумдад нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна
НийгэмБаянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 25-30-ны өдрүүдэд Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилготой.
Ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгальмаа ахалж, бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зэрэг салбар салбарын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мөн тухайн орон нутгийн төрийн албаныхан болон малчид, ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, зудын эрсдэлийн eрөнхий үнэлгээг хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт болон өвс тэжээлийн нөөцийг газар дээр нь үзэн заавар зөвлөгөөг өгч байгаа аж.
Түүнээс гадна төрийн байгууллагын үйлчилгээ, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг судалж, цаашид төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилгоор сэтгэл ханамжийн судалгааг авч, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.