АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган тангараг өргөжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-04 04:14:18

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод байгаа Р.Буанган Төрийн департаментад Элчин сайдын тангараг өргөж, Монгол, Америкийн харилцааг бодит ажил, арга хэмжээгээр өргөжүүлэхээ илэрхийлжээ.


Түүний тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ АНУ-ын Солонгос, Монголын хэлтсийн дарга С.Уокер, энэхүү арга хэмжээг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шэрман удирдаж байгааг онцолж, энэ нь АНУ-ын зүгээс Монгол Улс, Монгол, Америкийн харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл хэмээжээ. 


Элчин сайд Р.Буанганы тангараг өргөх ёслолд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк, Цагаан ордны  ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал хариуцсан захирал А.Фаррар, Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан П.Кэмпбэлл зэрэг Монгол, Америкийн харилцаатай холбоотой албан тушаалтнууд, мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ-ны төлөөлөл оролцсон байна.


Ричард Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй бөгөөд Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогджээ. Өмнө нь Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслах, Йерусалим хот дахь Ерөнхий консулын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгч, Францын Парис, Кот-д’Ивуарын Абижан хотуудад гадаад томилолтоор ажилласан зэрэг туршлагатай аж.


Тэрбээр АНУ-ын Техас муж улсын Остин хот дахь Сент Эдвардын нэрэмжит их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан, хятад, франц, испани хэлээр ярьдаг юм байна.


Ташрамд дурдахад, АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Майкл С. Клечески томилолтын хугацаагаа дуусгаад өнгөрсөн 7 хоногт нутаг буцаад байгаа юм.

Холбоотой мэдээ