Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 229 сайтыг хязгаарлаж, 201 сая төгрөгийг битүүмжилжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-14 01:30:12


Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулав.

Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулдаг аж.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 229 сайтын үйл ажиллагааг зогсоож, мөрийтэй тоглоомын орлого 200.7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт өнгөрсөн онд гэхэд нийт 189 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлсэн байна.


Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллахад 2022 оны эхний есөн сард улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 78 гэмт хэрэг бүртгэгджээ.

Мөрийтэй тоглоом нь хүнийг хар тамхинаас илүүгээр донтуулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хохирогч нар нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл хор уршиг дагуулдаг тул иргэдийг ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байхыг анхааруулав. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттайг санууллаа. 

Холбоотой мэдээ