Он гарснаас хойш манай улсад 53 удаа газар хөдөлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-14 05:05:00

Манай улсад 2022 он гарснаас хойш 53 удаа газар хөдөлсөн байна.

Тухайлбал өнөөдөр 08:53 цагт Байгал нуур орчимд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл нь Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгджээ. 

Газар хөдлөлтийн сүүлийн арван жилийн статистикийг харахад 2021 онд хамгийн их буюу 295 удаа бүртгэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

Газар хөдлөлт гэдэг газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж, тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл. Энгийнээр хэлбэл газрын гүндэх 2-3, хамгийн гүндээ 25 хүртэлх километрт болж буй процесс юм.

Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Холбоотой мэдээ