Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье”, “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяныг эхлүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-06 12:24:16


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт, хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье”, “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт 27658 гүйцэтгэх баримт бичгийн 2.1 их наяд төгрөгөөс 2828 гүйцэтгэх баримт бичгийн 78.8 тэрбум төгрөгийг биелүүлж, 24830 гүйцэтгэх баримт бичгийн 2.0 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн хүүхдийн тэтгэлгийн нийт 12690 гүйцэтгэх баримт бичгийн 30.4 тэрбум төгрөгөөс 149 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 7678 хүүхдийн 27.7 тэрбум төгрөгийн тэтгэлгийн төлөгдөөгүй, хуримтлал үүссэн.
Түүнчлэн төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцөлийг авч үзвэл төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй буюу хөрөнгө, орлого тогтоогдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн зэргээс шалтгаалан шүүхийн шийдвэрийн бодит биелэлт хангалтгүй байгаа юм.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өсөж хүмүүжих, сурч боловсрох суурь эрхийг зөрчиж байна. Тиймээс хүүхдийн тэтгэлэг төлөлтийг сайжруулах, шүүхийн шийдвэрийг даган биелүүлэх иргэд, эцэг эхийн ухамсрыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас тус ажлыг эрчимжүүлэх хүрээнд дээрх аяныг эхлүүллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд