Мал вакцинжуулах нэрээр 778 мянган ам.доллар завшин, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-15 03:01:58

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.


Үүнээс,

-Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129

-Өмчлөх эрхийн эсрэг 67

-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15

-Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8

-Хүний амьд явах эрхийн эсрэг 5

-Хүрээлэн байгаа орчны эсрэг 9

-Авлига албан тушаалын 7

-Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2

Нийт 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 


Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:


- Тээврийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ж нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийн 23 ширхэг эврээр цуглуулга хийж, түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


- БНХАУ-ын иргэн Ш нь Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж Чингис Хаан Олон Улсын агаарын боомтоор 60 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


- Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Т, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, бусдад 778.560 ам.долларын давуу байдал бий болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


- Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,


Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


- Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд