"Бүргэдийн баяр-2023" наадмын үеэр автобус үнэгүй үйлчилнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-01 04:44:22

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 4-5-нд зохион байгуулагдах гэж байна.

"Бүргэдийн баяр-2023" наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байх аж. Мөн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тус автобусны гуравдугаар сарын 4 болон 5-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг "Шувуучлахуй" хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг уламжлалтай юм.



Холбоотой мэдээ