Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-23 04:18:45

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчидтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсаж угтлаа.

Тус анги нь Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг барилгын өргөн мэргэжил, хүнд машин, механизмын оператор, засварчин зэрэг чиглэлээр зохион байгуулсан байна.

Хугацаат цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна мэргэжил эзэмшин халагдах давуу талтайг ангийн удирдлага танилцуулж байв.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ангийн байрлалд “Ногоон төгөл” хотхон байгуулахаар төлөвлөсөн бөгөөд таван нэр, төрлийн 2,150 ширхэг гоёлын болон жимсний мод, бутыг арчлан ургуулж байгааг ангийн захирагч, хурандаа У.Буянжаргал хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын үйлсэд манлайлан оролцож байгаа бөгөөд барилга-инженерийн 340 дүгээр анги нь байгуулагдаад удаагүй ч үүрэг гүйцэтгэх чадавхаа богино хугацаанд бүрдүүлж чадсаныг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой “Асгат”-ын мөнгөний орд чиглэлийн зам гүүрний ажлыг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн нь улс орны бүтээн байгуулалтад төрийн цэргийн байгууллага оролцох эхлэлийг тавьж, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөсөн хэмээн онцлов.

Мөн монголчууд бид бие даан дэд бүтцийн том төслийг цогцоор нь гүйцэтгэж чаддаг гэдгийг батлан харуулсан “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд оролцсоныг дурдлаа.

Энх цагийн бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцохын зэрэгцээ ангийн үндсэн үүрэг болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ нэн тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчдын улс орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид ажиллах үеэр машин, техник гардууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд