Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-24 02:19:27

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. 

Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ