ЭМЯ: 2024 оны есдүгээр сард дуусах хугацаатай “MAXIM MOCHA GOLD” кофе худалдаалаагүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-11 01:51:30

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай шуугиан дэгдэж, ийм төрлийн кофе хэрэглэгчдийг чамгүй бухимдуулж, силиконы агууламжтай кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуулт хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас олон ирсэн.

Тиймээс энэ мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон. 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулсан байна. Тус гадны биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна.

Мэдээллийн дагуу шалгахад 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй.

Гэвч иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг сануулан, сэрэмжлүүлэх нь зөв гэлээ.

Холбоотой мэдээ