Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
Улс ТөрНийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16,45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4,36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ. Он дамжин хэрэгжиж буй үлдсэн долоон байршилд барих 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг барьж дуусгах, эдгээр ажилд 187 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэн хүртэл голын сав газрын далан, түшиц ханыг барьж байгуулан урсацыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулж гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах, гол дээрх гүүрэн байгууламжууд нь нэг стандартын дагуу баригдах зэрэг олон давуу талтай.
Тус төсөл нь судалгааны шатандаа байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийг чиглэлийг үүсгэнэ. Үүний үр дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж үзэж байна.