Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар мэдээлэл хийв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-25 09:02:57

Улсын Их Хурлаас үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс долоо хоног бүрийн мягмар гараг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа болон боловсруулагдах шатандаа явж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсээр байгаа билээ. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2023.04.25) Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг 6 сарын хугацаатай сунгах шийдвэр гарсан. Өмнөх зургаан сарын хугацаанд тодорхой ажлуудыг хийж, тус компанийн үйл ажиллагаанд маш их ахиц дэвшил гарсан. Энэ ажлуудыг илүү сайжруулах, үйл ажиллагааг тогтворжуулах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн үед хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар сар бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх үүрэг хүлээж байгаа гэлээ.

 

Ж.Бат-Эрдэнэ: Манай улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани байна

Зах зээлийн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсэн. Тийм учраас 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийг өөрчилж шинэчилсэн найруулга хийгээд байна. Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгаж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв болсон байна. Тиймээс суурь бүтэц эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн зарчимд суурилсан тэгш харилцаа, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг томоохон зохицуулалт орсон. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөл байгуулагдахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнээс гадна төмөр замыг концессоор барих боломжийг эг хуулийн төслөөр нээж өгсөн хэмээв.

Манай улсын хэмжээнд нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр, Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй. Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байдаг аж.

 

Ц.Цэрэнпунцаг: Улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих үүднээс Монголд зочлох жил болгон зарласан гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдав.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг "Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд болохоор тусгаж байна. Түүнчлэн бид аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө. Байгаль орчны даацаас авхуулаад бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг хийнэ" гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ