Г.Ануужин Азийн аваргыг илүүрхэж хүртлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-10 05:25:43

БНСУ-ын Жинжү хотод эдгээр өдрүүдэд хүндийн  өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 5-д эхэлсэн тэмцээнд 35 орны 250 гаруй тамирчин оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн 64 кг-д  Г.Ануужин аваргын алтан медалыг хүртлээ. Тэрбээр огцомоор 93 кг, түлхэлтээр 118 кг, нийлбэрээр 211 кг-ыг өргөж, жингийн тамирчдаа илүүрхэн ялалт байгуулжээ. Г.Ануужингийн жинд Тайвань, Казахстан, Туркменистан, Иран, Бахрайн, Сингапур зэрэг орны тамирчид өрсөлдсөн байна. Монголын эмэгтэй тамирчдаас анхлан М.Анхцэцэг Азийн аварга болж байсан бол М.Ануужин хоердахь амжилтыг үзүүллээ. 

Энэ удаагийн тивийн тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаагийн удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна. Онөөдөр эгч, дүүс М.Анхцэцэг, М.Оюун-Эрдэнэ нарын тэмцээнээр эмэгтэй тамирчдын өрсөлдөөн өндөрлөнө. Гэхдээ эрэгтэй тамирчдын тэмцээн дуусаагүй бөгөөд 89 кг, 96 кг, 102 кг-д манай тамирчид бүртгүүлжээ. 


Одоогоор "Жинжү 2023" Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятад 15 алт, 8 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Тайланд (4+1+4), Тайвань (3+1+7), Монголын баг удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч солонгосчууд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 8-д бичигдэж байна. Нийт 15 орон медаль хүртээд байна.


"Токио 2020" олимпийн наадмын шагналт 4-р байрын эзэн, дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг 81 кг-д өнөөдөр өрсөлдөнө. Мөн түүний дүү М.Номин-Эрдэнэ 76 кг-д өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 


"Жинжү 2023" Азийн аварга шалгаруулах тэмцээнийн эмэгтэй 76 кг, 81 кг, 87 кг, +87 кг, эрэгтэй 89 кг, 96 кг, 102 кг, 109 кг, +109 кг-ийн жингийн өрсөлдөөн үлдээд байна.


Энэ удаагийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Токио 2020" Олимпийн наадмын шүүгч, Олон улсын шүүгч Л.Одгэрэл багтсан. Мөн Монголын хүндийн өргөлтийн холбоо өргөн бүрэлдэхүүнтэй Жинжү хотод иржээ. Багийн ахлагч, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэжаргал, Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар нарын албаныхан оролцож байна.  Тэмцээний хаалт ирэх Бямба гаригт болно.


БНСУ 

Сэтгүүлч Ч.Болорчулуун

Холбоотой мэдээ