"ЖОНБУК 2023": АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН НААДМЫН ТОЙМ-1

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-17 02:06:21


Ази, Номхон далайн орнуудын мастеруудын спортын наадам эдгээр өдрүүдэд БНСУ-ын Игсан, Гунсан, Чонжу, Вонжү, Намвон зэрэг 14 хот, аймаг, сумын спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн "Жонбук 2023" спортын наадамд дэлхийн 71 орны 12 мянган орчим ахмад тамирчин спортын 26 төрөлд авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодруулсаар байна.


Энэхүү наадмын гол зорилго нь спортын карьерээ үргэлжлүүлэх боломжийг олгох, ахмад тамирчдыг идэвхитэй байлгах, залуу үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлж, нийгэмд спортоор дамжуулан баяр, бахдалыг өгөхөд оршиж байгаа юм.

"Жонбук 2023" наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 381 тамирчин оролцож байгаагаас ширээний теннис, байт харваа, волейбол, хөнгөн атлетикийн төрлүүдэд аваргын алтан медалын эзэд болж, мастеруудын наадмын аварга гэсэн эрхэм алдрыг хувийн болон багийн дүнгээр хүртээд байна.

Тодруулбал, Байт харвааны рекурв төрөлд Монголын эмэгтэйчүүд үнэмлэхүй амжилтыг үзүүлэв. 18 метрт болсон +50 насны ангилалд Ж.Занаа аваргын алтан медаль хүртсэн бол Р.Рэгзэдмаа, Ш.Бямбасүрэн нар мөнгө, хүрэл медалын эзэд болж, эмэгтэйчүүдийн бахдам амжилтаар Монголын багийн амжилтууд эхэлсэн. Байт харваачдын араас ширээний теннисний багийнхан алт, мөнгө, хүрэл нийлсэн 10 медаль авсан бол хөлбөмбөгийн эрэгтэй баг наадмын гуравдугаар байрт шалгарлаа.


Сагсан бөмбөгийн +40 ангилалд эрчүүд гуравдугаар байр эзэлсэн бол өчигдөр волейболчид бахдам амжилтаар наадмын аварга гэсэн эрхэм цолны эзэд боллоо. Тодруулбал, Б.Гантулга дасгалжуулагч, Б.Энхтүвшин ахлагчтай, С.Амгаабазар, Т.Отгонтөгс, М.Мөнх-Оргил, Ж.Мөнхбаяр, М.Алтангэрэл, Ц.Ганбаатар, Д.Цэрэнбат, Б.Баярцэнгэл, Б.Ганхуяг, Б.Гантулга, Ш.Шинэбаяр нарын баг +40 ангилалд, Э.Батхүү ахлагчтай, Э.Энхболд менежертэй, А.Мөнхбаяр, Э.Энхмөнх, Э.Мөнхсайхан, Т.Баярхүү, А.Очгэрэл, Д.Билгүүн, Н.Сайнбилэг нарын шилдэг волейболчид +30 ангилалд Аваргын алтан медалыг тус тус хүртэж, төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүллээ.

Монголын волейболчдын бахдам амжилт наадамд оролцож буй хамт олонд том сэргэлт болж, Япон, БНСУ, Хятад, Тайвань, Вьетнам, Сингапур, Хонконг зэрэг спортын төрлүүд өндөр хөгжсөн орны тамирчдыг ялах боломж байгааг харуулж чадлаа.



Ази, Номхон далайн орнуудын спортын наадмын сонирхолтой төрлүүд болох усан спорт, хөнгөн атлетик, гольф, жүдо, чөлөөт бөхийн төрлийн аваргууд өчигдрөөс тодорч эхэлсэн бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ. Игсан, Гүнсан, Вонжү зэрэг хотуудад болж буй тэмцээнд манай тамирчид хувийн болон багаар амжилттай оролцож байна.

"Жонбук 2023" Ази, Номхон далайн орнуудын мастеруудын спортын наадам энэ сарын 20-д өндөрлөж, дараагийн наадмын бэлтгэл эхлэх юм. Сануулахад, уг наадам 2018 онд Малайз улсад анх зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм.

Сэтгүүлч Ч.Болорчулуун

БНСУ Сөүл, Вонжү аймаг

Холбоотой мэдээ