"ЖОНБУК 2023": Гольф, таеквондо, теннисчид медалын буухиаг үргэлжлүүлэв
НийгэмБНСУ-ын 13 хот, сумын спорт цогцолборт болж буй Ази, Номхон далайн орнуудын Мастеруудын наадам ирэх Бямба гаригт хаалтаа хийх гэж байна. 70 орны 13 мянган тамирчин спортын 26 төрөлд орсолдож байгаагаас Монголын баг тамирчдын уралдаан өнөөдөр өндөрлөнө.
"Жонбук 2023" Наадмын долоо дахь өдөр буюу өчигдөр гольф, бадминтон, усан сэлэлт, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, жүдо бөхийн төрлүүдэд Монголын баг амжилттай оролцож, медалын буухиаг үргэлжлүүлэв.
Гольфийн төрлийн эрэгтэйчүүдийн 45-55 насны ангилалд Б.Мягмарсүрэн мөнгөн медаль, А.Тамир хүрэл медаль, 65-75 насанд Н.Цогтоо хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээний эхлэлийг амжилттай тавилаа. Энэхүү
амжилт нь Монголын гольфчдын хувьд онцлох амжилт болон түүхэнд бичигдлээ. Гольфийн спорт өндөр түвшинд хөгжиж, иргэн бүр нь идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн уг төрлийг мэргэжлийн тамирчин болтлоо нэг сая орчим иргэн сонгох болсон. Тэгвэл мастеруудын наадмын сонирхолтой тоглолтын нэг болох Гунсан хотын гольфын талбайд Монголын тамирчид ур чадвараа харуулан гурван өдрийн турш өрсөлдөн медальт байранд орсон нь уг наадмын онцлох ялалт болж чадсан байна.
"Жонбук 2023" наадмын хамгийн өрсөлдөөн ихтэй төрлийн нэг болох усан сэлэлтэд манай тамирчид бахдам амжилтыг үзүүлээ. Мастеруудын хувьд олон улсын тэмцээнээс авч буй анхны медиалууд болж байна. Энэ төрөлд зохион байгуулагч солонгосчууд болон Хятад, Япон, Тайвань, Хонгконг зэрэг орны хүчтэй өрсөлдөгч олон байсан ч Монголын баг ур чадвараараа онцгойрчээ. Тодруулбал, Спортын дэд мастер Д.Туяа 40+ ангилалд 100м араар, Х.Ержан (40+)200м мэлхий сэлэлтээр, Г.Хулан (45+) 200м мэлхий сэлэлтээр алтан медаль тус тус хүртсэн бол Э.Оюун-Эрдэнэ 30+ ангилалд мөнгөн медалын эзэн боллоо. Мөн эрчүүд багаараа наадмын медальд байранд шалгарсан. 4x50м өврөөр даллах буухиа сэлэлтээр У.Болдбаатар, П.Батбилэг, Х.Ержан, н.Содсайхан нар шигшээ уралдаанд шалгаран хүрэл медалын эзэд болсон юм.
Жүдо бөхийн тэмцээн Гочан хотын спорт цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Монголын ахмад жүдочид +35, +40, +45, +50, -63, -70, +78 зэрэг эрэгтэй, эмэгтэй жиндээ наадмын аварга болж, Ази, номхон далайн бүсдээ хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн +35 насны -70 кг-д А.Мөнх-Ундрах, +40 насны -63 кг М.Эрдэнэчимэг, +45 насны -63 кг О.Алтантүлхүүр, +50 насны -52 кг Ц.Эрдэнэчимэг, -63 кг Н.Цэвэгмэд, -70 кг Б.Болорцацрал, +78 кг Л.Баярмаа нар тус бүр алт, эрэгтэйчүүдийн +35 насны -73 кг Н.Баасанжаргал алт, +40 насны -90 кг Л.Амаржаргал мөнгө, С.Өлзийбаяр хүрэл, +100 кг Б.Гэрэл мөнгө, +45 насны -66 кг Б.Батжаргал мөнгө, -90 кг Н.Баясгалан хүрэл, +50 насны -60 кг Г.Баатарсүрэн алт, +55 насны -73 кг М.Гүнтэвдорж алтан медаль тус тус хүртлээ. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ш.Баясгалан, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Д.Алтантуяа, Л.Бадамсүрэн нар ажиллаж, бахдам амжилтаар багийнхаа медалын буухиаг үргэлжлүүлэв.
Мастеруудын наадмын олимпын таеквондогийн төрөлд Монголын таеквондогийн холбооны таван тамирчин хоёр төрөлд өрсөлдсөнөөс зургаан алтан медалыг нь багтаа авчирлаа.
14 орны тамирчид өрсөлдсөн тус наадмын таеквондогийн тулааны төрөлд дараах тамирчид аваргын алтан медалын эзэд болсон юм. -35 насны ангиллын -74кг жинд О.Оюунбилэг, -45 насны -74кг жинд Д.Батбаатар, 60 насны -63кг жинд С.Зоригт, -53кг жинд С.Янжинлхам нар наадмын аварга болсон. Мөн Таеквондогийн Пүмсэ төрлийн -35 насанд С.Янжинлхам, -45 насны ангилалд шүүгч, тамирчин Н.Түмэнжаргал нар аваргын Алтан медаль тус тус хүртсэн бахдам амжилтаар наадмыг өндөрлүүлэв.
Буудлагын ахмад тамирчид амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм. OУХМ Н.Цэрэндолгор спортын мастер И.Галаа, ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ нар насны ангилалдаа аваргын алтан медаль, ОУХМ .Энхтогтвор Мөнгө, спортын дэд мастер Б.Оролжав Хүрэл медалын эзэд болж, олон улсын тэмцээний амжилтаа ахиуллаа.
Гольф, таеквондо, буудлага, жудо бөхийн тамирчдын араас талбайн теннисийнхэн өчигдөр медалын тавцанд зогслоо. Энэ наадмын талбайн теннисний төрөлд зохион байгуулагч орноос гадна Азийн бусад орны шилдэг тамирчид олон оролцсон. Манай теннисчид 11 медальтайгаар "Жонбук"-н наадмын хаалтыг хийж чадлаа. Тодруулбал, мастеруудын "Б" ангилалын эмэгтэй ганцаарчилсан төрлийн +35 насанд Б.Уранмандах Алт, Ч.Цэрэннадмид Мөнгөн медаль, +45 насанд У.Энхбат Мөнгөн медаль, Н.Эгчжаргал О.Лхагвабаяр нарын холимог хос +30 насанд Мөнгөн медаль, эмэгтэй +60 насанд Ж.Энхжаргал Хүрэл медалын эзэд болсон юм. Мөн эрэгтэй ганцаарчилсан +40 насанд С.Энхбаяр Хүрэл медаль, Б.Болортайван С.Энхбаяр нарын хос төрөлд гуравдугаар байр эзэлж, багийнхаа медалын буухиаг амжилттай өндөрлүүллээ.
"Жонбук 2023" Ази, Номхон далайн мастеруудын II наадамд Монголын баг 381 тамирчинтай спортын 16 төрөлд өрсөлдсөнөөс бахдам амжилтыг үзүүллээ. Зарим төрөлд олон улсын анхны амжилт, анхны медаль гээд онцгой түүхийн хуудас бичигдсэн юм.
БНСУ-ы Жонбук хотод энэ сарын 12-д нээлтээ хийсэн мастеруудын наадам ирэх Бямба гаригт хаалтаа хийснээр өндөрлөнө.
Ази, Номхон далайн орнуудын мастеруудын спортын
II наадам 10 хоногийн турш БНСУ-ын 13 хот, аймгийн спорт цогцолборт, шилдгүүдээ
тодруулж, дараагийн III наадмын бэлтгэл эхлээд байна.
Спортын карьераа өндөрлүүлсэн мэргэжлийн тамирчдыг
идэвхитэй байлгах, спорт сонирхогч иргэдийн амжилтыг нээж, урамшуулах мөн залуу
үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх зорилготой Ази, Номхон далайн орнуудын
спортын анхдугаар наадам 2018 онд Малайз улсад зохион байгуулагдсан юм.
"Жонбук 2023" II наадам цар тахлын хойшлогдон эдгээр өдрүүдэд БНСУ-ын
Гунсан, Иксан, Вонжу, Чонжу зэрэг 13 хот, аймгийн спорт цогцолборт амжилттай
боллоо. Маргааш наадмын нэгдсэн дүн гарах учир эргэн мэдээллийг хүргэнэ.
Сэтгүүлч Ч.Болорчулуун
(Гунсан хот, БНСУ)