МАНИЛА: Түгжрэх, түгжрэхгүй нь зорчигчийн сонголт
НийгэмХэрэв та түгжрэхийг хүсэхгүй л бол олон төрөлт нийтийн тээвэр, унадаг дугуй, мотоцикл зэргээс сонгож зам тээврийн хөдөлгөөнд оролцох. Мөн төлбөрөө төлөөд түжрэлгүй зам болох тойрог болон хурдны замаар зорчих. Шулуухан хэлэхэд автозамын түгжрэлд алтан цагаа үрэн түгжрэх үү, үгүй юу гэдгийг зорчигчдын сонголт мэднэ.
Энэ бол Дэлхийн түгжрэлтэй хотуудын эхний 8-т, Зүүн
өмнөд Азидаа гуравдугаарт
ордог Филиппин улсын Манила хотын нэгэн шийдэл аж.
30 сая гаруй хүн амтай, дөрвөн хотын нийлбэр Манила хотод өдөрт 3,3 сая
автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Тэдгээрийн 500 мянга нь төлбөртэй зам
сонгодог бол үлдсэн нь түгжрэлд саатан зогсох сонголт хийдэг гэсэн үг юм.
Японы
олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2018 онд хийсэн судалгаагаар
Филиппины замын хөдөлгөөнд өдөр бүр "алдагдах боломж"-оор 3.5 тэрбум
стерлинг зарцуулдаг гэж мэдэгджээ. Энэ хэмжээ 2030 он гэхэд гурав дахин
нэмэгдэх төлөвтэй байна.
Харин Бостон Консалтинг Групп 2017 онд Манилагийн замын түгжрэлээс болж жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо өдөр бүр дунджаар 1 цагийг түгжрэлд зарцуулдаг судалгааг гаргажээ.
Манила хот түгжрэлийн эсрэг
Түгжрэлээс ангижрахын тулд олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж /LRT, BRT / , нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж, дугаарын хязгаарлалтыг ажлын өдрүүдэд тодорхой цагт хийдэг байна.
Олон
төрөлт нийтийн тээвэр: Автозамынхаа
нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээвэр, түргэн тусламж, гал команд,
төрийн тусгай чиг үүрэг бүхий автомашиныг зорчуулж хэвшжээ. Ингэснээр иргэд
хувийн унаагаар 2-3 цаг түгжрэх үү, нийтийн
тээвэр, тусгай замын унаа сонгон богино хугацаанд зорьсон газраа хүрэх үү гэдэг өөрсдийнх нь
сонголт юм. Таг түгжирсэн үед ч тэр ер нь ямар ч үед нэгдүгээр эгнээрүү сүнгэнэн
орох дүрэмгүй жолооч бидэнтэй лав таарсангүй. Учир нь тогтоосон дүрэм журмыг
зөрчвөл хүлээлгэх хариуцлага хатуу аж. Нэгдүгээр эгнээгээр автомашинтай зорчсон
тохиолдолд 1000 фунт стерлинг, замын тэмдэг тэмдэглэгээг зөрчвөл 150 фунт
стерлингийн торгууль ногдуулдаг гэж Метро Манила хотын хөгжлийн газар буюу MMDA-гийн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Sky way буюу олон давхар төлбөртэй замуудыг
хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж байгуулсан. Зорчих замын хол ойроос шалтгаалан,
Монгол мөнгөөр 2500-5000 төгрөг төлнө. Хувийн компаниуд өөрийн хөрөнгөөр уг
замыг барьсан учир төлбөр нь хувийн хэвшлийн дансанд орно. Өдөрт хотын замын
хөдөлгөөнд ордог 3 сая 300 мянган тээврийн хэрэгслийн 500 мянга нь төлбөртэй
замыг сонгож түгжрэлгүй давхидаг. 1
цаг 30 мин түгжрэх хугацааг төлбөртэй зам сонгосноор 30 минутад туулах боломжтойг статистикаар
гаргажээ.
Дугаарын хязгаарлалт:
Яг манай нийслэл шиг Даваагаас Баасан
гараг хүртэл дугаарыг хязгаарлалт үйлчилдэг ч нийтийн тээвэр, такси, мотоцикл
болон хүргэлтийн унаа гэх мэт тээврийн хэрэгслүүдэд хамаардаггүй байна. Энэ зохицуулалтыг
манай улсаас хожим буюу 2022 оны Наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Traffic Education буюу замын хөдөлгөөний боловсролд анхаардаг. Энэ нь ногоон
гэрэл цагаан шугамнаас гүнзгийрсэн хөтөлбөртэй буюу хувь хүнийг замын
хөдөлгөөнд соёлтой оролцох, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
ухуулан таниулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд Хүүхдийн Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын Паркаар дамжуулан танилцах
сургалт тогтмол орох зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг байна.
Ирээдүйд Манила метротой болохыг зорьж байна. Уг төслийг гадны санхүүжилтээр хийхээр төлөвлөжээ. Мөн дүүжин тээврийн төслийг ч судалж байгаа гэх мэтчилэн Манила хотын хөгжлийн газар энэ жил " Барь бас дахин барь" уриан дор авто, төмөр зам болон агаар, усан тээврийн дэд бүтцээ сайжруулах зорилго тавин ажиллаж байна.
Энэ мэтээр 34 сая хүн амтай, 3,3 сая автомашин замын хөдөлгөөнд оролцдог Манила хот түгжрэлийн эсрэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Гэхдээ дээрх бүх ажлыг хэрэгжүүлснээр Манила хотын түгжрэл хэдэн хувиар буурна гэх үр дүн
хүлээдэггүй. Харин одоо байгаа хэмжээнээс нь нэмэгдүүлэхгүй байх
зорилт тавин ажилладаг гэж албаныхан хэлж байв. Өдрөөс өдөрт тэлж, хөгжиж буй энэ
хотод түгжрэл буурахгүй, харин нэмэхгүй байлгана гэдэг нь чухал гэдгийг оршин
суугч хийгээд албаныхан нэг түвшинд ойлголцжээ.
Түгжрэл их байна гээд
иргэдийнхээ автомашин унахыг нь шууд хязгаарлах биш харин шатахууны үнийг нь
өндөр байлгаж хэрэглээг нь хязгаарлах бодлого баримталдаг. Учир нь иргэдийнхээ
машин худалдан авах мөрөөдлийг нь мөхөөж болохгүй. Авч чадаж байвал өндөр
зардал төлөх эдийн засгийн чадвартай байх ёстой гэж үздэг гэж Манила
хотын тээврийн хөгжлийн газрын төсөл, төлөвлөлтийн хөгжлийн хэлстийн нарийн
бичгийн дарга Леонел Крей П.Де Велез хэлсэн юм.
Хэт их төвлөрөлтэй Манила
хотод түгжрэлийг одоо байгаагаас нь нэмэхгүй байх зорилтын нөгөө талд шинэ
дагуул хотуудыг төвлөрөлгүй, түгжрэлгүй байхаар цоо шинээр төлөвлөн бүтээн
байгуулж байна. Америкийн цэргийн бааз байсан бүс нутгийг цоо шинээр төлөвлөн автомашингүй,
эко хот болгон хөгжүүлж буй Филиппин
улсын 10 жилийн туршлагаас дараагийн
дугаарт өгүүлнэ.
Үргэлжлэл бий...
Б.Мөнхтуяа