Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-30 07:49:11


Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.


Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.

Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ. Үүний дараа Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ