Хашаандаа "Хангай" бүтээсэн залуу гэр бүл
НийгэмӨмнийн говийн залуу хос М.Учралтбаяр, Э.Номиндарь нар 2015 онд гэр бүл болж, гал голомтоо бадраажээ. Инженер, багш мэргэжил эзэмшиж, нутагтаа амьдрахаар зориг шулуудсан хосууд маань өвөө, эмээгийнхээ амьдарч байсан хувийн байшинг засварлан орж, хашаандаа сайхан амьдрах мөрөөдлөө эхлүүлсэн гэдэг.
Шинэхэн хосууд Улаанбаатар хотоос 2-3 настай модны суулгацыг авчирч, анхны моддоо тарьж эхлэв. Тарьсан моднууд нь ч сайхан ургаж, урам зориг орсон тул жил бүрийн хавар, намарт моддоо нэмсээр эдүгээ хашаагаа ногоон диваажин болгож чаджээ.
М.Учралтбаярынх навчаараа гоёдог мод, цэцгээрээ гоёдог гоёлын бут сөөг, жимсний бут зэргийг том жижгээр нь хослуулан тарьж, тайрч танан хэлбэрт оруулан, хашаагаа 9 дэх жилдээ тохижуулж байна.
Хашаанд нь голт бор, гүйлс, хайтан, тэсхэй, шархуайс зэрэг бутнуудаас гадна интоор, үхрийн нүд, долоогоно, давжаа алим тарьж, амтат жимсээ иддэг болжээ. Мөн шилмүүст модны төрлөөс гацуур, говийн унаган мод болох хайлаас, улиасыг тарьсан ба агч, бургасыг ч бас тарьж, хэсэгхэн талбайгаа зүлэгжүүлж, хүүхдээ тааваар нь тоглуулдаг болж. Тэднийх цэвэр усны дэд бүтцэд холбогдсон нь мод тарихад маш их дэм болсон байна.
5 сая төгрөгөөрөө байшингийн гадна пасад өнгөлгөөг хийж, хашаандаа савлуур, сандал байрлуулан тохижуулж, маш их урам авсан байна. Ирэх жилүүдэд модны төрөл зүйлээ нэмж нарс, паркын сарнай, хус зэрэг мод тарих сонирхолтой байгаа гэнэ.
М.Учралтбаяр залуу гэр бүлүүдэд хандаж: "Хашаанд амьдрахын давуу тал маш их байдаг. Хамгийн гол нь дэд бүтэц шийдэгдсэн газар байх нь чухал, мод услахаас эхлүүлээд ус чухал байдаг.
Хүрээлэн буй орчиндоо мод бут тарин өөрийн хүслээр тохижуулж амьдрах нь тав тухтай эко, эрүүл орчныг бүрдүүлж өгдөг. Мод нь хүчилтөрөгчийг ялгаруулахаас гадна тайван орчныг бий болгодог. Харин дэд бүтэц шийдэгдээгүй бол хашаанд амьдрахын сул тал болох байх. Хүрээлэн буй орчиндоо мод тарин ногоон байгууламжийг бий болгон, тохижуулж, эко орчныг бүтээн хашаандаа сайхан амьдарцгаая" хэмээн уриаллаа.
М.Учралтбаяр ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Мэдээлэл технологийн инженер, гэргий Э.Номиндарь нь Улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд залуу хосууд өсөж төрсөн өмнийн цэнхэр говь нутагтаа сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн сайхан амьдарч байна.
Эх сурвалж: Алтан нутгийн мэдээ сонин