“Талын салхи” олон улсын наадам энэ сарын 10-нд болно
Нийгэм“Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ жилийн мото наадамд 21 аймгийн спорт клуб, ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч ирж оролцоно.
Наадамд оролцогчид төв талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явах юм. Түүнчлэн мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу зохион байгуулах аж.
Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээдэг наадам төдийгүй 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож байсан юм. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.