УИХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувь байхыг дэмжлээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-08 11:07:48



УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүнээс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлУИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.


Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо болон судлаачдын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллалаа.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 56 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан болно. Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган Та бүхэнд танилцуулж байна гэлээ.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгох, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд дөрөв хүртэл өдөр байх, гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий төв болон салбар комиссын чиг үүрэг, гадаадад сонгууль авах үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдох зарим асуудлын талаар, сонгогч тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх, Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон хандивын талаар тайлан гаргах, сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн зардлыг бууруулах зорилгоор тойрог тус бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зохицуулалтыг тусгах, нам нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн төлөөлөл, оролцоог хангах, жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтад давхардал байгаа эсэхийг нягтлан шалгуулах зорилгоор сонгуульд оролцож байгаа нам, эвсэлд цахим хэлбэрээр 2 удаа өгөх зэрэг 55, хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан 4, нийт 59 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нам, эвслээс  нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгодог зохицуулалтыг 18 хоног болгох талаар, УИХ-ын гишүүн Т.Доржханд саналын хуудаст нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсааж, дарааллын дагуу бичих талаар тус тус санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нар хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан болно. 



Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэж байж үр дүн гарна



С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийн квотын 40 хувь болсноор төлөөллийн ардчиллыг хангаж чадна   




Ц.Туваан: Царцаа гэж нэрлэгддэг хүмүүсийг таслан зогсооё 





Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар санал хурааж дэмжигдсэн зарим зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн эсэх, хэрхэн нийцүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ